Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллав

0
1846

Говьсүмбэр аймгийн Прокурорын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газраас тус тус ирүүлсэн албан бичиг, иргэдийн өргөдөл гомдлын дагуу Сүмбэр сумын 4 дүгээр баг Алсын худагт хөрс хуулалтын ажил эхлүүлсэн “Эй Кү Сора” ХХК-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар нөхцөл байдлыг тодруулахад “Эй Кү Сора ХХК нь Шинэ шивээ ХХК-иас ашиглалтын лицензтэй талбайг 100 хувь шилжүүлэн авсан, Монгол улс Хятад улсын Засгийн газар хоорондын хамтын хэлэлцээрээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд эрчим хүчний нүүрсээр хангах зорилготой ба эхний ээлжинд нүүрсийг технологийн шинжилгээний туршилтад хамруулахаар хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн байв.

Газар дээрх үзлэг шалгалтаар хөрс хуулалтын ажлыг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн төлөвлөсөн 22500 м2 хэмжээтэй талбайн 40 хувь буюу 9000 м2 орчим хэмжээтэй талбайн хөрсийг хуулан хамгийн гүн хэсэгтээ 8 м орчим ухсан байсан.  

Мөн “Техник эдийн засгийн үндэслэл”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ”, “Уулын ажлын төлөвлөгөө”, “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” зэрэг үйл ажиллагаатай холбогдох баримт бичгүүд обьект дээрээ байгаагүй, батлагдсан хайгуулын ажлын төлөвлөгөөний тоо хэмжээ зөрүүтэй, байгаль хамгаалах төлөвлөгөөгөө тодотгол хийлгэж шинэчлэн батлуулаагүй, ажлыг эхлүүлэхдээ орон нутгийн төр захиргааны байгууллагуудад мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй зөрчлүүд илэрсэн.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргээ биелүүлээгүй тул “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тухай”, “Ашигт малтмалын тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай”, Зөрчлийн тухай” хуулиудыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5/04 тоот зөвшөөрлөөр улсын байцаагч акт үйлдэн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, “Эй Кү Сора” ХХК-ийн захирал, менежер, туслан гүйцэтгэгч нарт хууль, дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг сануулж, зөвлөгөө өгч ажиллаа.

Хяналт шалгалт үргэлжилж байна.