ДҮНЖИНГАРАВ-2018 ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН БОЛОХ ГЭЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

0
92

Уралдаан зохион байгуулах комисс, Говьсүмбэр аймгийн бүх шатны засаг дарга, аймаг сумдын морин спорт уяачдын холбоодод:

Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36 тоот тушаалаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 1 сарын 19-ний өдрийн “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” 19 тоот тушаал, орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2011 стандартыг тус тус баримтлан ажиллах, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, уралдаанч хүүхдийн эрхийг хангаж ажиллах талаар анхаарвал зохих дараах асуудлуудыг ЗӨВЛӨМЖ болгон хүргэж байна.

  1. Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаанд 12 насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахгүй байх
  2. Морь унах хүүхэд, эцэг эх болон морины эзэн /уяач/, эцэг эхийн хооронд гурвалсан гэрээ байгуулах /Гэрээнд морь унах хүүхдийн насны доод хязгаарыг “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт /Баяр наадмын хурдан морийг 7-оос дээш насны хүүхэд унах…/-тай нийцүүлэх, учирч болох эрсдэлийг хэрхэн зохицуулах, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хууль эрх зүйн актыг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой тусгах/
  3. ”Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, Морины хэрэгсэлд тавих шаардлага” /MNS 6264-2011/ стандартын шаардлагыг хангасан хамгаалах хэрэгсэл /дуулга малгай, цээживч, тохойвч, өвдгөвч, гутал/, морины хэрэгсэл /эмээл, хазаар, дөрөө, ташуур…/-ээр хангаж, уралдаанд оролцуулж байх
  4. Морь унаж уралдах хүүхдийг гэнэтийн ослын даатгалд даатгуулах

Бид морин уралдааны үед тавих хяналтыг холбогдох байгууллагуудтай хамтран гүйцэтгэх ба дээрх шаардлагуудыг хангаж ажиллаагүй тохиолдолд уяачдын холбоо, уралдаан зохион байгуулах комиссыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэх болон холбогдох арга хэмжээ авч ажиллах болно.

Зөвлөмжийг хэрэгжүүлээгүйгээс болж гарсан зөрчил дутагдлыг уралдаан зохион байгуулагчид болон морь унаач хүүхдийн эцэг эх хариуцахыг анхааруулж байна.

Зөвлөмж бэлтгэсэн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Хурандаа