ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

0
273

Жил бүрийн 4-р сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгох шийдвэрийг 2003 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан билээ. Энэхүү өдрийг угтаж “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар 7 дахь жилийн нүүр үзэж байна.

Энэ жил “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлэхэд залуусын оролцоог нэмэгдүүлцгээе” уриан дор Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Мэндийн төв, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар хамтран зохион байгуулж байгаа ба Говьсүмбэр аймагт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Политехник коллеж хамтран зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд Эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгож, ажилчдынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудалд анхаардаг тэргүүний байгууллага хамт олны туршлагыг олон нийтэд түгээх, бусад ААНБ-уудад арга туршлагаас нь хуваалцах, хүүхэд залуучуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалт, хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримталж буй бодлого, хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр, аяны хүрээнд зохион байгуулах арга хэмжээний талаар танилцуулга, сурталчилгааг явууллаа.