Мишээгч очир ХХК, Наран кафен үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийв.

0
156

Байгууллагын 2018 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газрын даргын баталсан 09/42 тоот удирдамжаар Сүмбэр сумын 2 дугаар баг, Монгол даатгалын урд талд-01 хаягт байрлах Мишээгч очир ХХК-ийн нийгмийн хамгааллын үйл ажиллагаа, компанийн Наран кафен хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв.

Шалгалтыг Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Отгонсүрэн, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Цэцэгмаа нар хамтран 2018 оны 04 дүгээр сарын 16-наас 19-ний өдрүүдэд гүйцэтгэлээ.

Хяналт шалгалтаар 4.2 кодтой “Ажилтны нийгмийн хамгааллын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар 23.5 хувиар “Дунд” эрсдэлтэй, хууль тогтоомжийн хэрэгжилт 72 хувьтай, хоолны газар нь 1.10.4 кодтой хяналтын хуудсаар 168 оноогоор 31%-иар дунд эрсдэлтэй үнэлэгдэв.

Шалгалтаар нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг цаг хугацаанд нь гарган хүргүүлж, шимтгэлийг тухай бүр төлсөн, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтаар өмнөх онд илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авч хоол үйлдвэрлэлийн өрөөнд гар угаах нөхцлийг бүрдүүлсэн зэрэг ололттой сайн талууд байлаа.

Дээрх ололттой сайн талууд байсан хэдий ч Нийгмийн хамгааллын хяналтаар нэр бүхий 2 ажилтанд 2018 оны 1-3 дугаар саруудад олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тооцон, тайлагнасан, шинээр ажилд орсон ажилтанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж баталгаажуулаагүй, хөдөлмөрийн дотоод журамд ажилтнуудын эрх, үүрэг, нийгмийн хамгааллыг сайжруулах талаар огт тусгаагүй, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтаар хоол үйлдвэрлэлийн өрөөний шалны плита хагарсан, хана, хаалганы будаг ховхорсон, өнгө үзэмжгүй, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийхэд тохиромжгүй, гадна орчны тохижилт хангалтгүй, зүлэгжүүлээгүй, хоол үйлдвэрлэлийн болон бусад өрөөний гэрэлтүүлэгийн хэрэгслэл бүрхүүлгүй, гар угаах хэсэгт халуун усны асуудлыг шийдвэрлээгүй зэрэг хэд хэдэн зөрчлүүд илэрлээ.

Шалгалтын явцад илэрсэн зөрчил эдгээрээс үүсэж болзошгүй эрсдэлийн талаар, тайлбарлан таниулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн албан шаардлага, нөхөн төлбөр тогтоосон актыг үйлдэн хүргүүлэв. Биелэлт тооцох хугацаа болоогүй байна.

Мөн шинээр ажилд орсон ажилтанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж баталгаажуулаагүй нь Монгол улсын “Зөрчлийн тухай” хуулийн 10.16 дугаар зүйлийн 10.16.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул торгох шийтгэл оногдууллаа.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд нь дотоод хяналт байхгүй, нягтлан бодогч орон тоогоор ажилладаггүй, ажилтнууд нь тогтвор суурьшил муутай, ажил олгогч байнгын ажлын байраар хангадаггүй, хууль тогтоомжийн мэдлэг дутмаг, хариуцлага сул, хуулиар хүлээсэн эрх үүргээ сахин биелүүлдэггүйтэй холбоотой байна.

Хөрөнгө санхүүтэй холбоотойгоор гадна орчинг тохижуулаагүй, ажлын байранд өргөтгөл хийж, шаардлагатай өрөө тасалгаагаар хангагдаагүй, хоол үйлдвэрлэлийн өрөөнд засвар үйлчилгээ хийгээгүй зөрчил давтагдаж байгаа нь эрсдэлийн шилжилт гарахгүй, эрсдэл дорвитой буурахгүй байх шалтгаан болж  байна.