“ГАН ХҮДРИЙН ХҮРД” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭ

0
92

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Баянтал суманд үйл ажиллагаа явуулдаг Ган хүдрийн хүрд ХХК-ийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Нийгмийн хамгаалал, Байгаль орчин, Хэмжил зүйн хяналтын чиглэлээр 2019 оны 06 дугаар сарын 4, 12-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт гүйцэтгэлээ.

“Ган хүдрийн хүрд” ХХК нь 2011 онд  үйл ажиллагаагаа эхлүүлэн гадаад худалдаа болон ган бөмбөлгийн үйлдвэрлэлийн  чиглэлээр үйл ажиллагаа  явуулахаар байгуулагдсан. БНХАУ-ын 100% хөрөнгө оруулалттай. Энэ оны 4-р сарын 01-ээс үйлдвэрлэл эхлэн, туршилтын үйлдвэрлэл явуулж байна. Нийт 8 хятад, 4 монгол ажилтантай.

Хяналт шалгалтыг “Ажилтны нийгмийн хамгааллыг шалгах”, “Хөдөлмөрийн харилцааг шалгах”, “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах”, “Хөдөлмөрийн эрүүл ахуйг шалгах”, “Үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх болон аж ахуйн нэгж байгууллагыг шалгах”, “Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах” хяналтын хуудсуудаар гүйцэтгэхэд шинээр ажилд орсон ажилтанд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж баталгаажуулаагүй, ахмадын сан байгуулаагүй, ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, ХАБЭА-н сургалт зохион байгуулаагүй, ажилтныг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй, тоног төхөөрөмж, өргөх механизмын аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажилчдын эрүүл мэндийг дэмжих хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах хөрөнгө баталж, хуульд заасан арга хэмжээнд зарцуулаагүй, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд эрүүл ахуйн хэмжилт, шинжилгээ хийлгээгүй, үйлдвэрлэлийн барилга байгууламжийг батлагдсан зураг төслөөр бариагүй, зургийг хянуулаагүй, ажилтныг анх ажилд ороход эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, дүгнэлт гаргуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, газрын доорх ус ашиглахдаа цооногт усны тоолуур суурилуулагүй, авто пүүг баталгаажуулалтад хамруулаагүй, дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж хэвшээгүй зэрэг нийт 36 зөрчил илэрч газар дээр нь мэргэжил зүйн зөвлөгөө өгч ажилласан.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар нийт 46 заалт бүхий хугацаатай улсын байцаагчийн албан шаардлага 5-ыг гарган хүргүүлсэн. Биелэлт тооцох хугацаа болоогүй байна.