МОРЬ УНААЧ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

0
262

Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг бөгөөд Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн төдийгүй ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилт тавьсан билээ.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх ажлыг орон даяар зохион байгуулахаар тусгасан юм.

Монголын үндэсний их өв соёлын нэг болсон хурдан морины уралдаан уяачдын эрдэм ухааныг дэлхий нийтэд сурталчлан таниулах нь монгол хүн бүрийн хувьд нэр төрийн хэрэг бөгөөд манай уяачид хурдан хүлгээ сойж үндэсний их баяр наадамдаа хүлэг морьдоо уралдуулж, айраг түрүү авч баясан цэнгэдэг уламжлалт зан үйл болох цаг хугацаа ирж байна.

Энэ үед морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас, эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг бүрэн хангуулах асуудал уяачид, наадмын комисс, морь унаач хүүхдүүдийн эцэг эх, хяналт шалгалтын болон хүүхдийн байгууллагуудын нэн чухал үүрэг болж байна.

2017-2018 онуудад нийт 121450 морийг 71121 хүүхэд унаж уралдсанаас 942 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд хүнд гэмтэл авч, 1 хүүхэд тахир дутуу болсон байна.

Үндэсний их баяр наадмын тухай хууль, Орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018 стандартыг тус тус баримтлан ажиллах, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд.

  1. “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага” (MNS 6264:2018) стандартад нийцсэн хувцас, морины хэрэгслээр хангах.
  2. Хамгаалалтын дуулга, өвдгөвч, тохойвч, нүдний шил, гутал, хамгаалалтын хувцас, эмээл зэрэг стандартад нийцсэн хувцас, хамгаалах хэрэгслийг хэрэглээгүй хүүхдээр морь унуулж уралдуулахгүй байх.
  3. Аймаг, сум, багийн хүрээний бэсрэг наадам, их богино сунгаа, овоо тахилга, бооцоот уралдааны үед морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах асуудал үндсэндээ орхигдож, унаач хүүхдүүд эрсдэлд өртөх явдал их байгаад онцгой анхаарч тухайн баярын арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа этгээд хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлэх.
  4. Морь унаж буй хүүхэд, уяачдын хооронд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, гэрээнд морь унах хүүхдийн насны доод хязгаарыг “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт /Баяр наадмын хурдан морийг 7-оос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна/-тай нийцүүлэх, учирч болох эрсдэлийг хэрхэн зохицуулах, унаач хүүхдэд өгөх цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хууль эрх зүйн актыг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой тусгах.

Бид морин уралдааны үед тавих хяналтыг холбогдох байгууллагуудтай хамтран гүйцэтгэх ба хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаагүй уяачдын холбоо, наадмыг зохион байгуулах комиссыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэх, дараагийн арга хэмжээнд оролцуулахгүй байх арга хэмжээ авч ажиллах болно.

Зөвлөмжийг хэрэгжүүлээгүйгээс болж гарсан зөрчил дутагдлыг аймаг, сумын Морин спорт уяачдын холбоо, уралдаан зохион байгуулагчид болон морь унаач хүүхдийн эцэг эх хариуцах ёстойг анхааруулж байна.

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР